СУРГААЛ ТҮГЭЭХҮЙ (#10670)

Эзэн минь, Бурхан минь, Таныхаа алдар нэрийг магтан дурсъя!  Миний харц Таны элэгсэг өршөөлийн зүг хандан, миний нүд Таны ивээлийн тэнгэрийн хаяа ба Таны хайр энэрлийн зүг ширтээд миний гар Таны хишгийн диваажин өөд сунгасан байхыг Та харж байгаа.  Таны хүч чадал намайг гэрчлэг!  Миний бие махбодийн мөч бүр Таны зүг тэмүүлэн: “Ертөнц даяар хайрлагдсан Та, хурмаст тэнгэр болоод газар дэлхий дээр орших бүхний Эзэн тэнгэр Та, Танд үнэнч тууштай тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийн ганц Хүслэн болсон Та минь!  Диваажин хийгээд газар дэлхийн бүх оршин суугчдыг дуудсан Таны тэр Далайн нэрийг барин Таны зүг эргэн, эрэгт нь ойртоход саад учирсан тэр шадар зарц нартаа туслахыг Танаас сөхрөн гуйя.  Бурхан минь, тэднийг Танаас өөр бүхнээс үл хамааралтай болгож, Таны магтууг дуурсгаж, Таны нандин чанарыг өргөмжлөн магтддаг болгож хайрла.  Бурхан минь, тэдэнд Танаас өөр бүхнийг мартаж, Таны Үйл хэрэгт үйлчлэхээр босч, Таныг хайрлах сэтгэлдээ тууштай байхад нь туслах энэрэл өршөөлийнхөө сонгомол дарсаа хайрла.  Та үнэнхүү тэдний амьдралын Эзэн, тэдний Шүтээн билээ.  Хэрэв тэд Танаас төөрвөл хэн тэднийг харах юм бэ?  Хэрэв тэд Танаас холдон хагацвал Танд ойртоход нь тэдэнд хэн туслах билээ?  Би Таны хүч чадлаар тангараглая!  Танаас өөр хорогдох газар үгүй, Таны нөмрөөс өөр эрэх нөмөр үгүй, Таны өмгөөллөөс өөр өмгөөлөл үгүй.  Танаас өөрийг эзнээ болгосон тэр хүн зовлонд унана, Таны газар дэлхийн бүх оршин суугчдаас өөрийгөө чөлөөлж, Таны хишиг ивээлийн хормойноос зүүгдсэн тэр хүн буянаар дэлгэрнэ.  Эд нар бол хурмаст тэнгэр болон энэ дэлхийн бүх хүмүүүсийн өмнө Баха-н хүмүүс мөн.  Хамгийг харагч, Хамгаас мэргэн Танаас өөр Бурхан үгүй.  Бүх ертөнцийн Эзэн тэнгэр Бурханаа магтан өргөмжилье.

-`Abdu'l-Bahá
-----------------------

СУРГААЛ ТҮГЭЭХҮЙ (#10671)

Бурхан минь! Бурхан минь!  Энэ бол жигүүр нь хугарсан шувуу бөгөөд түүний  нислэг их удаан билээ.  Хөгжил цэцэглэлт, авралын оргил өөд нисэн дүүлж, хязгааргүй орон зайд туйлын баяр баясгалан, аз жаргалтайгаар замаа жигүүрлэж, Таны эрхэм дээд Нэрээр өөрийн дуу хоолойг бүх нутаг орноор дуурсгаж, хүмүүсийн сонорыг энэ дуудлагаар баясгаж, удирдамжийн бэлэг тэмдгийг харсан хүмүүсийн мэлмийг баясгадаг болоход нь түүнд тусалж хайрла. 
Эзэн тэнгэр минь!  Би орь ганцаараа өнчин доорд нэгэн билээ.  Танаас өөр түшиг нөмөр надад үгүй, Танаас өөр туслагч үгүй, Танаас өөр асран тэтгэгч үгүй.  Танд үйлчлэх буяныг минь батжуулж, сахиулсан сүнснүүдийн хүчээр надад тусалж, Таны Үгийг зарлан тунхаглахад минь ялгуусан болгож, амьтан бүхний дунд Таны ухаан билгийг магтан дуулахад минь тусал.  Та үнэнхүү үгээгүй доройд туслагч, өчүүхэн доордсыг хамгаалагч, Та үнэнхүү Хамгаас хүчирхэг, Бүхнээс хүчтэн, Хязгааргүй эрх чөлөөт билээ!
 
*(“Тэнгэрлэг Төлөвлөгөөний тухай Илгээлтүүд”, Америкийн Нэгдсэн Улсын баруун муж улсуудын Бахайчуудад зориулсан мөргөл )

-`Abdu'l-Bahá
-----------------------

СУРГААЛ ТҮГЭЭХҮЙ (#10672)

Бурхан минь, Бурханы Үгийг өндөрт мандуулан, дэмий хоосон худал хуурмаг бүхнийг үгүйсгэж, үнэн мөнийг тогтоон, ариун шад мөрүүдийг түгээн тархааж, гайхамшгийг нээн илрүүлж, сайн санаат хүмүүний зүрх сэтгэлд өглөөний нарыг мандуулахад нь шадар зарцдаа тусалж хайрла. 
Та үнэнхүү Өгөөмөр, Өршөөн хэлтрүүлэгч билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

СУРГААЛ ТҮГЭЭХҮЙ (#10673)

Зүйрлэшгүй Бурхан тэнгэр минь!  Хаант улсын Эзэн тэнгэр минь!  Энэ хүмүүс болбоос Таны тэнгэрлэг цэргүүд.  Тэдэнд тусалж, Эрхэм дээдийн Чуулганы хүч чадлаараа тэднийг ялгуусан болго, чингэвээс тэдний хүн тус бүр бүхэл хороо цэрэг мэт болон үржиж, эдгээр орныг Бурханы хайр ивээл, тэнгэрлэг сургаалын гэрэл гэгээгээр байлдан дагуулах болно. 
Бурхан минь!  Зэрлэг онгон газар ч, уул хаданд ч, хөндий газар ч, ой хөвчид ч, тал цөлд ч, далай тэнгист ч тэднийг дэмжиж, тэдэнд тусалж, улмаар Хаант улсын хүч чадал ба Ариун Сүнсний амьсгаагаар дуу хоолойгоо чанга дуурсгатал тэдэнд итгэл хайрла!
Та үнэнхүү Хамгаас хүчтэй, Хамгаас чадалтай, Бүхнээс хүчирхэг.  Та бол Мэргэн, Бүхнийг сонсогч, Бүхнийг харагч билээ. 
 
*(“Тэнгэрлэг Төлөвлөгөөний тухай Илгээлтүүд”, Америкийн Нэгдсэн Улс ба Канадын Бахайчуудад зориулсан мөргөл )

-`Abdu'l-Bahá
-----------------------

СУРГААЛ ТҮГЭЭХҮЙ (#10674)

Бурхан минь, Бурхан минь!  Итгэлт шавь нартаа хайр халамжтай, элэгсэг зөөлөн сэтгэлтэй болоход нь тусал.  Дэлхийн бүх улс үндэстнүүдийн дунд дээд Чуулганаас гаралтай удирдамжийн гэрлийг дэлгэрүүлэхэд нь тэдэнд тусал.  Та үнэнхүү Хүчтэй, Бүхнээс чадалтай, Хүчирхэг, Бүхнийг номхтгогч, Ямагт өглөгч билээ.  Та үнэнхүү Өгөөмөр, Нинжин сэтгэлт, Эелдэг зөөлөн сэтгэлт, Хамгийн ивээлтэн.

-`Abdu'l-Bahá
-----------------------

СУРГААЛ ТҮГЭЭХҮЙ (#10675)

Бурхан минь, Таны таалалд нийцэж, Танд хүчин зүтгэх үйлстээ бат тууштай байж, Танд үйлчлэхэд бие сэтгэлээ зориулан, Таны гайхамшигт цэцэрлэгт хөдөлмөрлөж, Таны замналд бүхнээ золиослохоос өөр хүсэл мөрөөдөл миний сэтгэл зүрхэнд үгүй Та мэдэж байгаа тул намайг гэрчилнэ.  Та бол Бүхнийг мэдэгч, Бүхнийг харагч билээ.  Таныгаа хайрлан бишрэхдээ би алхаа гишгээгээ уул хад, элсэн цөл рүү чиглүүлж, Таны Хаант улс заларсныг чанга дуугаар тунхаглан, Таны дуудлагыг бүх хүн ардад сонордуулан явахаас өөр хүсэл надад үгүй билээ.  Бурхан минь, энэ арга тасарсан хүнд үүд хаалгыг нь нээн өгч, энэ өвчтэй хүнийг анагаан эдгэрүүлж, энэ зовж шаналсан хүнийг илааршуулж хайрла.  Сэтгэл зүрхээр догдолж, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн Таны Босгонд сөгдөн Танаас залбиран гуйнам, би. 
Бурхан минь!  Би Таны замналд ямар ч хүнд бэрхшээлийг тэвчин өнгөрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ямар ч зовлон зүдүүрийг зоригтойгоор угтан авахыг бүхий л зүрх сэтгэлээрээ хүсэн тэмүүлнэ.
Бурхан минь!  Намайг сорилт шалгуураас хамгаална уу.  Би бүх л зүйлийг огоорч, бүх л бодол санаанаас өөрийгөө чөлөөлсөн гэдгийг Та сайн мэдэх билээ.  Таныг дурсахаас өөр ажил надад үгүй, Танд үйлчлэхээс өөр хүсэл эрмэлзэл надад үгүй.

-`Abdu'l-Bahá
-----------------------

